Зүрхний цочмог шигдээс өвчин

Зүрхний цочмог шигдээс өвчин

Зүрхний цочмог шигдээсийн эмнэл зүйн тодорхойлолт •Зүрхний булчингийн цусан хангамж цочмогоор хомсдосноос үхжлийн голомт үүсэхийг зүрхний цочмог шигдээс (ЗЦШ) гэнэ. Зүрхний шигдээс буюу инфаркт нь зүрхний цусан хангамж хомсдох өвчний хамгийн хүнд хэлбэр нь юм.
Миокард гэдэг нь зүрхний булчин юм. Түүнийг тэжээдэг артерийг нь титэм судас гэж нэрлэдэг. Хэрэв ямар нэг шалтгаанаар, цусны нөж, бүлэнгээр энэ артерийг бөглөрвөл түүнээс тэжээл авч байдаг зүрхний булчингийн хэсэг нь цусан хангамжгүй болж, 20-30 минутын дараа үхждэг. Ингэж үхжихийг шигдээс буюу инфаркт гэнэ. Улмаар гэмтсэн хэсэгт сорви үлдэнэ.



Шалтгаан
Зүрхний шигдээсийн үндсэн шалтгаан нь судас хатуурал юм. Гэхдээ энэ өвчнийг үүсэхэд нөлөөлдөг бусад хүчин зүйлсийг нэрлэх хэрэгтэй байх. Үүнд:
  • Эр хүйс
  • Эмэгтэйд аюултай нас нь 50-аас дээш нас
  • Удамшил (зүрхний цусан хангамж хомсдох өвчин, зүрхний шигдээс, тархинд цус харвах өвчин нь төрөл садны дунд тохиолдож байсан. Ялангуяа өвчин 55 нас хүрээгүй байхдаа өвдөж байсан бол.
  • Цусан дах холестерин ихсэх (5ммоль/л-ээс их, эсвэл 200мг/дл-ээс их)
  • Тамхи татах
  • Илүүдэл жин, хөдөлгөөний дутагдал
  • Артерийн даралт ихсэх (ямар ч насанд 140/90мм муб-ээс их байх)
  • Чихрийн шижин зэрэг хүчин зүйлс ордог.
Эдгээр хүчин зүйлээс нэг нь байхад л зүрхний булчингын шигдээс үүсэх эрсдэл нэмэгддэг. Улмаар эрсдэл нэмэгдэх хүчин зүйлийн тоо нэмэгдэх тутам өвчлөх магадлал геометрийн прогрессоор нэмэгддэг.
Зүрхний цочмог шигдээсийн ангилал

1-р хэлбэр Гэнэтийн ЗЦШ: тэтим судасны товруу шархлах, задрах, хуулрах зэрэг шалтгааны улмаас титэм судасны цусан хангамж хомсдсноос үүссэн шигдээс

2-р хэлбэр Хоёрдогч ЗЦШ: Зүрхний тэтим судасны агшилт, судасны бүлэнт бөгрөрөл, цус багадалт, артерийн гипотензи зэрэг шалтгааны улмаас булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээ ба шаардлагын тэнцвэрт байдал алдагдснаас үүссэн шигдээс

3-р хэлбэр Гэнэтийн зүрхний үхэл: зүрх зогсох, зүрхний булчингийн цусан хангамжийн хомсдолын эмнэлзүйн шинж нь дараах үзүүлэлтийн аль нэгтэй хавсран тохиолдох. Үүнд: • ЗЦБ-т ST сегмент шинээр өргөгдөх, эсвэл Гисийн зүүн хөлийн хориг (ГЗХХ) шинээр үүсэх • Титэм судсны шинжилгээнд, эвсэл задлан шинжилгээнд шинэ бүлэн тодорхойлогдох

4а хэлбэр Титэм судсанд дотуурх эмчилгээтэй холбоотой шигдээс

4б хэлбэр Титэм судасны тэлэгч орчмийн бүлэнгээс гаралтай шигдээс, гэхдээ бүлэн нь титэм судасны шинжилгээ, эсвэл задлан шинжилгээгээр нотлогдсон байх

5-р хэлбэр Титэм судасны мэс засалтай холбоотой ЗШ



Явц
Судас хатуурах гэдэг нь хэрэв цусанд хэвийн хэмжээнээс ихээр агуулагдаж байгаа холестерин зэрэг липидийн төрлийн өөх тос нь том артерийн судасны хананд хуримтлагдах процесс юм. Ийнхүү судасны ханан дээр хамгийн ихээр хуримтлагдсан хэсгийг судас хатуурлын товруу гэж нэрлэдэг. Улмаар товруу нь судасны хананы хамгийн эмзэг, хэврэг хэсэг нь болж хувирдаг. Ялангуяа үүсээд удаагүй, кальци бага агуулсан товруу тун эмзэг.
Ийнхүү товруу үүссэн судасны хана хэзээ ч хагарч, ан цав үүсч мэднэ. Хэрэв ингэж хагарвал бие махбодын түгшүүрийн дохио авсан даруйдаа байгалиас өгөгдсөн программынхаа дагуу хагарсан, цуурсан газрын нөжирсөн цусаар бөглөж, нөхөх арга хэмжээ авч эхэлнэ. Ингэх үед гэмтсэн газрын орчим дахь цус нь эрчимтэйгээр бүлэгнэж эхэлдэг.
Гэтэл цус бүлэгнэж, нөж үүсэх нь процесс нь уулнаас бууж байгаа цасан нурангитай адил өрнөдөг болохоор ямар нэг зүйл саад болохгүй л бол улам эрчимтэй явагдсаар, артерийн судасны хөндийг бүхэлд нь бөглөх аюултай. Ингэж бөглөрсөн судсаар цус урсахаа байж, эсүүд нь үхжин инфаркт буюу шигдээс үүснэ. Бөглөрсөн артери хэдийн чинээ том байна шигдээс нь төдий чинээ өргөн газрыг хамарна.
Судас хатуурлын товрууны бүрэн бүтэн байдал нь зүрхний цохилт хурдсах, артерийн даралт ихсэх зэрэгт алдагдах нь бий. Харин биеийн хүчний ачаалал, сэтгэл санааны хэт хөдлөх үед эхлэх нь тун ховор. Цөөнгүй тохиолдолд ямар нэг ил мэдэгдэх шалтгаангүйгээр үүсдэг. Гэвч шигдээс үүсэх хамгийн дуртай цаг нь өглөө эрт юм.
Шигдээсийн хэмжээнээс хамаарч зүрхний булчингын ханыг бүх гүнийх нь туршид хамарсан том голомтот ба жижиг голомтот гэж хуваадаг. Зүрхний өмнөд хананы том голомтот шигдээс илүү аюултай байдаг. Арын ба хажуугын хананы шигдээсийн үед ялангуяа жижиг голомтот (бүх ханыг хамрахгүй) шигдээсийн үлдэц нь аюул багатай. Харин зүрхний булчин дээр үүссэн сорви нь огт арилдаггүй.
Шинж тэмдэг
Өвчүүний ард буюу цээжний хөндийн төв хэсэгт маш хүчтэй хатгуулж өвдөх нь зүрхний шигдээс үүссэн байж болох хамгийн анхны шинж тэмдэг. Тайван байх үед дарж, халуу оргин хорсож, гар, мөр, нуруу, эрүү хүзүү рүү дамжин өвдөнө. Цээжний бахын үед үүнтэй төстэй өвдөлт нь ачааллын үед үүсдэг бол зүрхний шигдээсийн үед өвдөлт нь илүү хүчтэй бөгөөд ихэвчлэн ямар ч ачаалалгүй тайван үед эхлээд 3 шахмал нитроглицерин 5 минутын зайтай дараалан уучихаад байхад ч намддаггүй.
Эдгээр шинж илэрвэл яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэй.
Гэхдээ заримдаа шигдээс нь бөөлжүүлж, эсвэл хэвлийгээр таагүй мэдрэмж төрж, зүрх доголдох, амьсгал давчдаж, ухаан алдах зэргээр илрэх нь ч бий. Ингээд ч зогсохгүй шигдээсээр өвчилснөө огт мэдрэхгүй ч байж болно. Ийм шигдээсийг зүрхний шигдээсийн өвдөлтгүй хэлбэр гэж нэрлэдэг бөгөөд гол төлөв чихрийн шижинтэй хүмүүст тохиолддог. Зүрхний шигдээсийн өөрчлөлт ЗЦБичлэг дээр сайн харагдана. Гэмтлийн байрлал ба зэргийг тогтоохын тулд зүрхний чанд авиан шинжилгээ хийх ба энэ нь бүтцийн өөрчлөлтийг үзэх боломж олгоно. Түүний зэрэгцээ эмч сцинтографи хийлгэхийг зөвлөж болно.
Авах арга хэмжээ
Эмнэлэгт хүргэхээс өмнөх шатны яаралтай тусламж Эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж нь цээжний хүчтэй өвдөлт, амьсгаадалтыг намдаах, тайвшруулахад чиглэгдэнэ. Анхан шатны яаралтай тусламжийг гол төлөв түргэн тусламжийн эмч нар гэрт нь, эсвэл ажлын газарт үзүүлдэг. МОНА эмчилгээ:

·         M Morphine (Морфин)
·         O Oxygen (Хүчилтөрөгч)
·         N Nitroglycerin (Нитроглицерин) 
·         A Aspirin (Аспирин)

Түргэн тусламжийн үйлчилгээ

Түргэн тусламжийн төв нь STЗШ-ийн үед яаралтай тусламж үзүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэх ёстой. Түргэн тусламжийн эмч нар өвчтөнг тээвэрлэхээс гадна, урьдчилсан оношийг тогтоож, хугацаа алдалгүй эмчилгээг эхлүүлнэ. Цээжний өвдөлт илэрсэн өвчтөн дуудлага өгснөөс хойш 15минутын дотор түргэн тусламжийн эмч очих ёстой. Түргэн тусламжийн чанар нь хэрхэн дадлага эзэмшсэнээс шалтгаалдаг. Хамгийн энгийн зүйл бол түргэн тусламжийн бүх эмч нар STЗШ- ийн шинж тэмдгийг таних, хүчилтөрөгч өгөх, өвдөлт намдаах, амьдралын амин үзүүлэлтийг хянах чадвартай байх ёстой. • Дуудлага хүлээн авдаг эмнэлгийн ажилтан утсаар зөвлөгөө өгөх чадвартай, авах арга хэмжээний талаар проктокол хөтөлдөг байна.

Ангийн эмч нарын үүрэг

Дэлхийн олон оронд STЗШ-ийн эрт үеийн яаралтай тусламжинд өрхийн эмч голлох үүрэгтэй оролцдог. Эдгээр орнуудад ЗЦШ-тэй байж болох өвчтөн эхлээд өрхийн эмчид ханддаг. Өрхийн эмч түрүүлж үзсэн тохиолдолд өвчтөний биеийн байдлыг зөв үнэлж, ЗЦБ-ийг хийж, өвдөлт намдаах арга хэмжээг аван, түргэн тусламжийн мэргэжлийн багийн тусламжийг дуудах үүрэгтэй.

Эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх нь

Аль эмнэлэгт хүргэх нь шигдээсийн эмчилгээний аргын сонголтоос хамаарна. ТСДЭ хийлгэх өвчтөнг тус амчилгээг хийх боломжтой эмнэлэг рүү шууд тээвэрлэнэ. Энэхүү тохиолдолд эмнэлэгийн хүлээн авах болон эрчимт эмчилгээний тасгийг алгасан шууд зүрх сэтгүүрдэх лаборатори руу (Cath lab) зөөвөрлөнө. Зүрх сэтгүүрдэх лаборатори нь хоногийн 24 цагт байнгын ажиллагаатай, бэлэн байдалтай байх ёстой.
• БУЭ, эсвэл эмэн эмчилгээ хийлгэх өвчтөнг шигдээсийн эрчимт эмчилгээний хэсэгт (CCU-Coronary care Unit) шууд хэвтүүлнэ. Зүрхний эрчимт эмчилгээний тасаг нь шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан, зүрх судасны мэргэжлийн эмч, сувилагч ажилладаг байх ёстой. Уг тасагт өвчтөнд илэрч болох хэм алдагдал, ST хэрчмийн өөрчлөлтийг ЗЦБ-ийн 24 цагийн хяналтаар ажиглан эмчилгээг явуулна.

ЗЦШ-ийн эрсдлийн үнэлгээг тавиланг тогтоох, цаашдын авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор хийдэг.

 • Өвчтөний нас ( Нас ахих тутам эрсдэл ихэснэ).
• Шигдээсийн өгүүлэмж. Давтан шигдээс эрсдлийг нэмэгдүүлнэ.
• Зүрх судасны эрсдэлт хүчин зүйлсийн тоо
• Цээжний өвдөлтийн давтамж, эмэн эмчилгээний үр дүн
 • АД-ын түвшин
• Цочмог үеийн ховдлын хэм алдагдал

Эрсдлийн үнэлгээ

Өндөр эрсдэл

• Нас >65
• Хуучин шигдээсний өгүүлэмжтэй
• Зүрх судасны олон эрсдэлт хүчин зүйлтэй
• Цээжний бах дахих тайван үед илрэх
• Артерийн гипотензи, хүйтэн хөлс ялгарах
• Зүрхний цочмог дутагдлын эмнэлзүйн шинж илрэх
• Ховдлын хэм алдагдал давтагдах
• ЗЦБ-д ST сегмент гурав ба түүнээс олон холболтод >2 мм-ээр өргөгдөх

Дунд зэргийн эрсдэл
• Өндөр эрсдлийн шинж тэмдэг илрээгүй байх
• Нас >55
• Өмнө нь ЗШ-ээр өвдсөн ч зүрх судасны эрсдэлт хүчин зүйлс цөөн байх
 • Цээжний бах дахих боловч ЗЦБ-д нэмэлт өөрчлөлтгүй байх
• Зүрхний цочмог дутагдал түр зуурын шинжтэй, хөнгөн явцтай байх

Бага эрсдэл
• Өндөр ба дунд зэргийн эрсдлийн шинж тэмдэг илрээгүй байх
• Нас <55
• Хуучин шигдээсийн өгүүлэмжгүй
• Цээжний бах дахихгүй, эмнэлзүйн шинж тэмдэггүй.
Урьдчилан сэргийлэлт
Хүйс, удамшил зэрэг эрсдлийн зарим хүчин зүйлээс зайлсхийх боломжгүй ч бусдыг нь арилгах боломжтой юм. Үүнд:
·         Артерийн даралтыг хэвийн хэмжээнд барих. Ялангуяа цаг агаарын өөрчлөлтийг гойд анхаарах хэрэгтэй. Артерийн даралт ихтэй хүмүүст хэт халуун нь аюултай юм.
·         Цусан дахь сахарын хэмжээг хэвийн болгох.
·         Өөрийн боломж бололцоонд тааруулан хөдөлгөөний дутагдлаас зайлсхийж байх хэрэгтэй. Заавал гүйх шаардлагагүй бөгөөд өдөртөө эрүүл агаарт хагас цагаас багагүй хугацаагаар зугаалахад хангалттай.
·         Тамхинаас гарах. Тамхи татдаггүй бол идэвхгүй тамхи таталттай тэмцэх хэрэгтй.
·         Илүүдэл жингээ хасах. Үүний тулд эхлээд хэвийн жингээ мэддэг байх хэрэгтэй. Үүний тулд кг-аар авсан биеийн жингээ метрээр авч квадрат зэрэгт дэвшүүлсэн өндөртөө хуваана. Гарсан үр дүн нь биеийн жингийн индекс болох бөгөөд 26-аас ихгүй байх ёстой.

·         Хоолондоо амьтны гаралтай өөх тос, холестерин агуулсан хүнсний бүтээгдэхүүн аль болох бага хэрэглэх хэрэгтэй. Жимс ногоо, тахианы мах, ургамлын тос, загасны махыг түлхүү хэрэглэсэн нь дээр.

Comments

Popular Posts